Tuesday, March 23

Алтан ордны улс.

 
Чингисийн ахмад хүү Зүчи, түүний хүү Бат нарын хийсэн аян дайнуудыг үр дүнд бий болжээ. Ид мандаж байх үедээ буюу Бат хааны үед Крым, Өмнөд орос, Ар Кавзаз, Ижил мөрөн, Хорезмыг хамарсан өргөн уудам нутагт 200 жил оршин тогтножээ. Бат 1236-1241 онд 11 хан хөвгүүдийг удирдаж Оросын 300 гаруй хот сууринг эзэлж Дорнод европыг довтлохдоо Оросын ванлигуудад дарангуй цэрэг үлдээж өндөр албан татвар оногдуулж байсангүй зөвхөн эд агуурс, үнэт зүйлсийг нь тонон дээрэмдээд л явжээ. Харин дараа нь Монголчуудын бодлого өөрчлөгдөж 1237-1240 онд Оросуудтай холбоо тогтоож, Германы рыцаруудын довтолгооноос хамгаалж өөрсдийн нөлөөндөө авч татвар авах болжээ. 1237 онд Бат Оросын А.Невскийтэй хүж барин найрамдаж цэргийн тусламж үзүүлж байсны ачаар Невский 1240 онд Германы рыцариудыг бут ниргэжээ. Ийнхүү Оросын ард түмний гайхамшигт том олон ялалтуудын анхных нь Монголчуудын ачаар хийгджээ. Гумилёв “Татаруудын ачаар эртний оросуудын “Алтан бүс” Москваг тойрон тогтож одоо болтол хадгалагдан үлдсэн байтал Литва, Польшийн захиргаанд орсон Белорусь, Галицид эртний соёлын ул мөр байхгүй болсон” хэмээн бахархан бичсэн байдаг. Гэвч Монгол-татаруудын харгис хэрцгий дарлал, хүнд хүчир алба татварт нэрвэгдсэн Оросуудад одоо ч хүртэл Монголчуудын дарлалын ул мөр хадгалагдан үлджээ. Татарууд “Хэрвээ татвар өгөх мөнгөгүй бол хүүхдийг нь ав, Хүүхэдгүй бол эхнэрийг нь ав, Эхнэргүй бол толгойг нь ав” гэсэн зарчмыг Оросуудаас алба авахдаа мөрдлөгө болгодог байсан учраас одоо ч гэсэн оросууд “Урилгагүй зочин татараас дор” гэж ярилцдаг байна. 

Алтан ордны нийслэл нь Ижил мөрний эрэг дэх Сарай хот бөгөөд Батын үед Их гүрэнтэй нягт холбоотой байснаа Бэрхийн үед биеэ даах бодлого явуулж эхэлжээ. 1255 онд Их гүрний хамгийн нөлөө бүхий хүн Бат хаан нас барж түүний хүү Сартак залгамжлах болов. Тэр Новогородын ван А. Невскийтэй анд бололцож Христос шашинтан болсон тул Монголчууд дургүй байв. Үүнийг Их хаан Мөнх ашиглаж Сартакийг хорлож Батын дүү 1256 онд Бэрхийг хаан ширээнд суухад нь нөлөөлсөн гэдэг. Бэрх хаан дорнод европтой хийх худалдаагаа өргөжүүлж, Мамлюкийн Египеттэй холбоо тогтоон Иль-хаадын улстай Азербайджаны Тебризын төлөө удаан хугацаагаар тулалджээ. Бэрх Кавказад болсон дайнд 1266 онд алагдан түүнийг Мөнхтөмөр (1266-1280) залгамжлав. Түүний бодлогын гол төвд нь Европ, Константинополь хот байж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Крымд шинэ хот суурин байгуулж тэнд Монгол, түрэг нүүдэлчдийг олноор нь суурьшуулах болжээ. Мөнхтөмөрийн үеэс төрийн хуйвалдаан, хямрал эхэлж Тудамөнх (1280-1287), Тулабуга (1287-1291)-ын үед хамгийн хүчтэй байлаа. 1284 онд Чингисийн угсааны нэг ноён Ногай Тогтохыг хаан ширээнд өргөмжилж удаан тэмцэлдсний эцэст Алтан ордоныхноор хүлээн зөвшөөрүүлэв. Ногай бол Их хаан Чингисийг амьд сэрүүнд нь харсан, нөлөө бүхий ноён байсан ба түүний цэргүүд нь Монголын Мангууд овгийн туршлагатай эрс байжээ. Гэвч Тогтох, Ногай нар эвдрэлцэж Тогтохын их цэрэг Ногай цэргийг Оросын нутгийн гүн рүү шахаж Ногай Оросуудад алагдаж түүний цэргүүд Кавказад суурьшжээ. Тогтох (1291-1312) хааны үе хүртэл үргэлжилж Тогтох хаан намжааж дахин хүчирхэг болгож чаджээ. Тоготохын хүү Елбамыш хаан болох гэж байхад нь түүний анд, ойрын хамаатан Узбек хуйвалдаанаар Елбамышийг алж өөрөө хаан болов. Узбек Исламын шашинд үнэнч сүсэгтэн байсан учир Монголын хаадын шашинг ялгаварладаггүй байсан бодлогыг зогсоож бүх монгол угсаатнуудыг Ислам мөргөлтөн, Алтан Ордонг исламын улс болгож шашин, төрийг хослон удирдаж эхлэв. Узбек хааны тусламжтайгаар Исламын “фанатикууд” бусад шашинтнуудыг хавчин гадуурхаж олон хүмүүсийг цусыг урсган арвин их соёлын өвийг устгаж олз ашиг, аян дайныг гол бодлогоо болгов. Түүний сонирхол Иль хаадын эзэмшил Иран улс байсан учир 1318, 1327 онд их аян дайн хийсэн ч амжилт олсонгүй. Түүний аян дайны үед Тверийн ванлиг улс Татарын татвар хураагчдийг хороосон учраас Узбек хаан дахин Оросын ванлигууд руу довтолж аллага хийв. Энэ дайнд Мосвкагийн ван Иван Калита дэмжлэгэ үзүүлсэн учир бүх оросын ванлигуудаас татвар хураах онц эрхээ хадгалж үлджээ. Үүний ачаар Москвагийн ванлиг татвар төлөхгүй Оросын ванлиг улсуудыг татаруудын нэрийн өмнөөс бут цохиж эдийн засаг санхүүгийн их баялагийн хуримтлуулж ороын олон ванлигуудыг нэгтгэж эхлэв. Иван Калита бол Оросын хааны династи болох Романовын угсааг үндэслэгч бөгөөд түүний үр сад Дмитрий Доньской, Догшин Иван, I Петр нар Их оросын түүхийг эхлүүлжээ.

                1341 онд Узбек хаан зорилгодоо хүрч Ираны зарим нутгийг эзлэн авсан боловч Кура голын дэргэд үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Узбекийн Таныбек, Жанибек нарын хооронд хаан ширээний тэмцэл болж Жанибек ахыгаа алж хаан ширээг залгамжлан суулаа. Түүний үед Алтан ордоны дотоод хямрал улам хурцдаж зэрэг зэрэг 8 хаан өөрсдийгөө өргөмжлөн цус асгаруулан хядалцаж иржээ. Тухайлбал, зөвхөн 1365-1380-аад оны үед хаадуудын хооронд 10 гаруй том тулалдаан болж нэг талаас ойролцоогоор 200-300 мянган их цэрэг оролцож олон ардын цус нулимасыг асгаруулж ихэд туйлдуулжээ. Үүний улмаас 1380 он гэхэд эмх замбараагүй 20 гаруй эзэмшил болж задарчээ. Татаруудын энэ доройтлыг ашигласан Оросууд Москвагийн ванлигийн удирдлага дор холбоо байгуулж хүчээ нэгтгэн Крымын Мамайн эзэмшилтэй 1380 оны 4-р сарын 8-нд Москвагийн холбоо Дмитрий Донскойн удирдлагаар их тулаан хийв. Мамай, холбоотон Генуя хотоос 10000 явган цэрэг, Литавийн ван Ягайлогоос цэргийн тусламж авсан боловч зөвхөн өөрийн цэргээрээ тулалдахдаа тактикийн алдаа гаргаж бут цохигдов. Москвагийн ван Дмитрий Донской Оросын ванлигуудын хооронд ураг төрлийн холбоо тогтоон гэрээ байгуулж, хүч нь өдрөөс өдөрт суларч байгаа Алтан ордоны хахууль, бэлгэнд дуртай ноёдуудын дунд олон тагнуулуудтай болсны ачаар Мамайг дийлжээ. Мөн Татар-Монголчууд 140 гаруй жил Оросын хотуудыг дайн тулаанаар доройтуулах, дээрэмдэх, алба татвар авах зэргээр хараандаа байлгаснаас Оросууд Монголчуудын цэргийн тактик, арга залиудыг сайн мэддэг болсонтой холбоотой. Оросууд Куликовын талд зөвхөн эрэлхэг зориг, эх оронч үзлээр биш Монгол цэргийн тактик, нөөц цэргийн хүчээр алдартай ялалтаа байгуулжээ. Энэ ялалт нь баатарлаг Оросын ард түмний олон суут ялалтуудын эхлэл нь байсан юм. Гэвч Оросууд энэ их ялалтынхаа үр шимийг шууд амссангүй, ихэнх хотууд нь 1487 оныг хүртэл Татаруудад албаа төлсөн хэвээрээ байсан юм. Монголчуудын ялагдал тэднийг нэгтгэх бус улам дайсагналцуулав. Мамай Цагаан ордоны Тотомыш-д алагдаж 1382 онд Тогтомыш Цагаадайн угсааны Төмрийн дэмжлэгээр хаан болжээ. Тэр Москва тэргүүтэй Оросын ванлигуудыг дахин вассалиа болгон Алтан ордоныг нэгтгэсэн боловч Төмөртэй муудалцан түүнд (1391 онд) хиар цохигдож доройтжээ. Тогтомыш Крым руу шахагдаж Крымын захирагч Эдигей, Чингисийн шууд угсааны Төмөр-Хутулу нартай хамтран улсаа дахин нэгтгэх гэсэн боловч муудалцснаас бас л амжилт олсонгүй. Тэд ээлж дараалан алагдсаар Чингисийн угсааны, нэр хүндтэй, чадалтай урьдах хаад шиг хүн гарч ирсэнгүй байсаар Алтан ордон 1437 онд Астрахань (1431-1553), Казань (1431-1552), Крымын хаант (1431-1785) улс болж задран унаснаар төгсгөл болжээ. Алтан ордоны улс эхлээд Хөх, Цагаан орд гэж байснаа бутралын үед Цагаан орд нь Узбекууд, Ногайн орд, Монголстан гэсэн 3 хэсэг, хөх орд нь Крымын орд болж салсан юм.

Узбек (1312-1342), Жанибек (1342-1360) хааны үеэс Монголчууд мөн л исламын шашинд орж Хонгирад, Урууд, Мангууд аймаг зонхилсон олон Монголчууд түрэгжиж эхэлсэн юм. Татаруудын оронд Оросууд хүчирхэгжин гарч ирж хамжлагаас зугатсан Литов, Украин, Белорусь тариачдыг нэгтгэн зохион байгуулж Козакууд гэж нэрлэн татар, түрэгүүд рүү өдөөн турхирах болсон. Тэд Казань, Астраханий улсуудыг бут цохиж хөөгдсөн татар, түрэгүүд Кучумын удирдлагаар Сибирийн хаант улсыг байгуулж Алтан ордныг дахин сэргээх гэсэн ч энэ оролдлого бүтсэнгүй. Догшин Иван хаан Казакуудын анхны атаман Ермакын дэмжлэгээр 1595 оны намар Кучумыг довтлон мөхөөж Оросын талыг Уралаас Иртыш тийш өргөсгөжээ. Харин Кучумын албатууд Дорнод азийн  умард хэсэгт Их-дунд-бага жуз (зуут)-д хуваагдан нутаглах болов. Энэ зуутад байсан 1465 онд Казахууд Монголстаны баруун жигүүрт нутаглаж Ногайчууд, Сибирийн улсын харъяанд орж байгаад тусгаар тогтнож 1595 онд Казахын хаан Тевеккель, Оросын хаан IY Иван нар холбоо тогтоон Кучумын эсрэг босож Сибирийн хаант улсыг мөхсний одоогийн Казахстанд нутаглаж эхэлжээ.
 
Алтан ордноос ганц Крымын хаант улс бүр 18-р зууныг дуустал хүчирхэг Оростай зэрэгцэн оршиж байсан нь тэдний хүчирхэг морин цэрэг, булгилсан халуун цус, зүрх зоригонд байсан юм. Оросууд тэднийг янз бүрийн арга хэрэглэн бага багаар нөлөөндөө авсаар 1783 онд Крымын улсыг мөхөөжээ. Кавказад Крымд татарууд ноёрхож Полов, Аланчууд угсаатны хувьд задран чечень, дагестан, ингуш, черкес зэрэг олон угсаатан үүсч зэрэгцэн оршиж байсныг нь хутган үймүүлж хооронд нь дайтуулж сая өөрсдийн болгожээ. Гэвч “Крымынхэн” тусгаар тогтнох гэсэн хүсэл эрмэлзлэлээ өдгөөг хүртэл нандин хүслээ болгосоор ирснийг бид сайн мэднэ.

Цагаадай, Иль Хаад, Алтан ордоны улсуудын үед (XIII-XY зуун) Арабууд, Османы түрэгүүд Газарын дундад тэнгис, Улаан тэнгисийн холбоо болсон Синайн хойгийг хааж, ойрхи дорнодод ноёрхож байсныг зогсоож олон жил дайн самуун, дээрэм тонуулаас болж тасалдсан “Өрнө дорнын их торгон зам”-ыг аюулгүй болгож Дэлхийн худалдаа, төрийн бодлого, гадаад харилцаа зэргийн үндсийг тавьжээ. Мөн Юань гүрэн 142000 хүнтэй, 4400 хөлөг онгоцтой дэлхийн хамгийн том тэнгисийн флотыг байгуулж Япон руу их дайн хийж байсан (1281 онд Японы Такашимад нэг шөнийн дотор 4000 хөлөг онгоц, 100000 хүнээ далайн шуурганд алджээ) бөгөөд үүнээс хойш 300 жилийн дараа Испаний флот 27500 хүнтэй, 130 хөлөг онгоцтойгоороо дэлхийн хамгийн хүчирхэг флот болжээ. Тэр үед Ертөнцийн эзэн, Аллах бурхантай дүйцэх нэр хүндтэй хүн нь Чингис хаан хэвээр байлаа. Тухайлбал, 1317 онд Египетийн Мамлюкуудын султан Малик ан-Насир Алтан ордоны Узбек хаанд илгээсэн захиандаа “Чингис хааны угсааны охидын нэгтэй гэрлэх хүсэлтэй байна” гэжээ. Узбек хаан ноёдуудтайгаа их зөвлөлгөөн хийж, хэдий египетүүдийн дэмжлэгийг авч Иль хаадын улсыг довтлох бодолтой байсан ч “Долоон тэнгис гатлан Египитийн нутагт Чингис хааны угсааны охидоос ямар эрх хэмжээтэй явуулах байсан тийм эрэлт шаардлага тавих явдал Чингис хааны үеэс одоо хүртэл гараагүй юм” гэсэн хариу өгч, хэрвээ хурим  хийвэл эхний жилд хэлэлцээр хийх, хоёр дахь жилд хадамлах, нэг жил инж явуулах, дараа жил гэрлэх гэсэн дарааллаар 4 жил хүлээгээд инж бэлэг сэлтэд нэг сая динар, мянган агт морь, мянган иж бүрэн зэвсэг шаардаж, бүсгүй хүнийг зугаа цэнгэл, бараа таваар мэт боддог Исламын ертөнцийг ихэд сандаргажээ. Одоо ч Дундад ази, Иран, Иракт чингис хааны агуу их сүр хүчний талаар мартаагүй байгаа билээ.
 
Эх сурвалж: http://www.hss.edu.mn/history/index.php?option=com_content&task=view&id=24&Itemid=37

No comments:

Post a Comment